Хүсвэл...
Улс орны хөгжлийн тулгуур нь иргэд байдаг. Тэр дундаа залуучууд бид улс орныхоо хөгжлийг тодорхойлогч, хамтран бүтээн босгогчид байх учиртай .Харин өнөөдөр залуучууд бидний зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэл маань эх орон, орон нутгаа хөгжүүлье гэж цохилж байгаа болов уу. Манай аймгийн залуучуудын хэдэн хувь нь ийм зүрх сэтгэлээр тэмүүлж яваа бол. Яагаад амьдрах орчин, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, өөрийнхөө болон үеийн залуусынхаа нийгэмшлийн төлөө ямар нэгэн дорвитой ажил хийхгүй байна вэ? Бид Өвөрхангайд төрж, өсөн , ажиллаж, амьдарч байна. Хаа холын Увсын залуучууд ирээд танай аймгийг сайхан болгоод өгье гэж хэлэх үү? Тэгдэг юм аа гэхэд Өвөрхангайн залуучууд бид хөгжлийг бүтээн босгох чадваргүй юм гэж үү? гэсэн олон асуултууд ар араасаа цувраад байх юм. Нэг бодоход аймгийн залуус маань :- Хоёр намын тодотголтой эрх мэдэл, байр суурийн төлөө зүтгэж байгаа залуучууд, бизнес хөөгөөд мөнгө бодсон мөнгөнөөс өөр үнэт зүйл байдаг гэдгийг мэддэггүй нэг хэсэг, сургуулийн болон эмнэлгийн байгууллагын хоёр нарны хооронд ажилладаг нэг хэсэг, хүүхдийн мөнгө, тэтгэвэрийн хөгшдийн хэдэн төгрөгөөр өдөр хоногийг өнгөрөөж амьдралаа залгуулж байгаа нэг хэсэг гээд хичнээн ч олон хуваагдаж болох юмшиг. . Намын тодотголтой эрх мэдлийн төлөө зүтгэж байгаа энэ хэдийн маань ингэж зүтгэх нь аргагүй л юм. Төр засаг нь “нам дагавал чи Төрийн албанд ажилд орж болно” гэж заагаад байгаа болохоор дарга болох гэж зүтгэх нь аргагүй. Гэхдээ төрийн албанд ажиллаж байгаа хэд маань “ би Иргэддээ үйлчлэх” гэж л төрийн албанд ажиллаж байна гэдгээ ухамсарладаг болов уу. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгө тэнгэрээс буугаад ирээгүй иргэдийн татварын мөнгөөр бүтдэг учраас Төрийн албан хаагч бол иргэддээ үйлчлэх ёстой байдаг. Зарим нэг залуучууд хэн нэгэн даргын үгээр, өгсөн даалгаварыг нь хийгээд, яг л робот шиг хэдэн төгрөгийн цалин авч, суудал дээрээ хэдэн жил тогтож байвал боллоо гэж бодож байдаг юм болов уу. Бас ч бүх хүн дээрх шиг бодолтой байдаггүй байх л даа. Гэхдээ дуугаръя, хийе гэхээр аль хэдийн аалзны тор шиг болсон сүлжээнд нь орчихсон учраас гаръя гэхээр гарч чадахгүй, мэдсэн ч мэдээгүй юмшиг л нүдээ аниад явдаг байх л даа. Саяхан Төрийн албаны нэгэн ажилтан “Би иргэнд үйлчлэх ёсгүй, төрд үйлчлэх ёстой” гэж ярихыг хоёр чихээрээ сонсоод бараг ухаан алдах дөхлөө. Яагаад Төрийн албаны тэр дундаа гүйцэтгэх байгууллагын ажилтан /бодвол хуулийн сургууль төгссөн байж л тэр албан тушаалд тэнцэж ажиллаж байгаа байлгүй дээ/ тэгж хэлээд хээв нэг хэнэггүй зогсож байна вэ гэж гайхлаа. Хоёр намын дэргэд Залуучуудын холбоо байдаг мөн Монголын залуучуудын холбоо ч байдаг. Миний л харахад эдгээр олон холбоодын Тэргүүлэгч залуучууд маань “тодорхой хүрээнд” их л ажил хийж, зохион байгуулаад байх шиг. Гэхдээ намуудын залуучуудын холбоо байг гэхэд Монголын залуучуудын холбоо нам, нам бус, ажилтай, ажилгүйгээр ялгалгүй залуучууд гэдэг нэрээр залуучуудыг уриалан дуудаж, орон нутгийнхаа хөгжил, өөрсдийнхөө сайн сайхан ирээдүй, хүсэл зоригийн төлөө санаа бодлоо солилцож, хамтран бүтээж байх нөхцөл, урам зоригийг төрүүлж баймаар санагдах юм. Монголын Залуучуудын холбоо юу зохион байгуулж байна вэ? Нүдээ нээгээд Түгийн овооноос Ноён хайрхан хүртэл алсыг ширтээд тэр дунд амьдарч байгаа жирийн залуучуудыг олж хараад тэднийг хамарсан олон нийтийн ажил зохион байгуулж болдоггүй л юм байх даа. Тэнд чинь амьдралын эрч хүч хайсан, сэтгэлийн дэм хүссэн олон залуучууд байна. Тэд мөнгөтөй болгоод өгөөч гээгүй, ганцхан нийгэмших, хамт олон болж бүтээх хүсэл эрмэлзлэлийг дэмжээд өгөөч гэсэн харцаар хараад, хэлж чадахгүй л алхаж яваа. Аймагтаа л ганц, олонд хэрэгтэй бүтээн байгуулалт хийж байгаа Зам ангийн залуучууд, Онцгой байдлын залуучууд, хөдөө явж алт ухаж хэд хоногийн хоолны мөнгөө олж ирдэг уугуул биш ч суугуул хөдөөнөөс орж ирсэн залуус, зах дээр зогсож боссуудын түүхий эдийг авч өгдөг, дэлгүүрт нь суудаг, ачаа, ачиж буулгаж байгаа хамгийн хүнд хүчир ажлыг хамгийн бага цалингаар хийж, амьдралын эрхээр хөлсний ажилчин болж байгаа залуучуудын хүрээ маш өргөн байна шүү дээ. Хийе гэсэн санаа байвч хийх аргаа мэддэггүй юм болов уу энэ холбооныхон. Орон нутгаа хөгжүүлье, сайн сайхан амьдралын төлөө санаа сэтгэлээрээ нэгдэж, хамтран хөгжиж, хамтран ажиллая гэсэн санаа бодол байдаг бол хувиа бодож зоосны нүхээр харахаа больмоор байх юм даа.. даанч яалтай. Саяхан манай хэдэн сумдаар судалгаагаар явсан өөр аймгийн нэгэн залуу “танай аймгийн залуучууд нийтээрээ халдварт өвчин тусчихсан юм биш биз дээ” гэж асуухад хэлэх үг олдсонгүй. Өөр хүний нүдээр бид ингэж л харагдаж байна шүү дээ. Залуучуудын маань юмыг үнэлэх үнэлэмж нь нийгмийн ороо бусгаа энэ цаг үеээ дагаад өнгө мөнгө, сайн жип, хурдан морь, сайхан хүүхэн, өндөр албан тушаалаар хязгаарлагдах болж. Ингэж юмыг үнэлдэг болсноор залуучууд бид зиндаархаж амьдардаг болсон харагдана. Эрдэмт мэргэдийн бичсэнээр “Бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй, хүний дор ч өөр хүнийг бүтээгээгүй” гэсэн мэргэн үг юутай үнэн. Хүмүүс бид аливаа эрдэмд суралцсан, эс суралцсанаараа ялгаатай бөгөөд зэрэг зиндаа, баян хоосны ялгал үгүй. Тансаг харш, сайхан машин, сайн морь байлаа гээд энэ орчлонгоос явахдаа бид энэ бүгд тэр бүү хэл махан биеэ орхиод гагцхүү оюун ухаан бодол санаагаа л нөгөө ертөнцөд авч явна. Өөрөөр хэлбэл энэ ертөнцөд амьдарч байхдаа сайн, муу юу л бодно, юу л хийнэ тэр бүгдийг шүүн тунгаах цаг тэр л үед ирнэ. Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа дэлхийн чиг хандлага ч биднийг санаа сэтгэлээрээ нэгдэж хамтран бүтээн байгуулахыг шаардаж буй. Тиймээс бид оюун санаагаа уралдуулж, оюунаа дээдэлж, хандлагаа өөрчилж, ямар нэгэн үйл хэргийн төлөө амьдарч, хүн болж төрсөн хувь заяаг үнэ цэнэтэй зүйл болгох хэрэгтэй санагдана.Нутгийнхаа хөгжлийн төлөө бадамлан ассан зүрх сэтгэлтэй залуучууд байгаа болов уу. Хамтдаа тунгаацгаая.
Харин Монголд бол Тайзан дээр гарахдаа л бэлтгэгдсэн жүжигчин гараад байх шиг. Улс орныхоо төлөө гэсэн уриаг мөнгө, албан тушаалд хүрэхдээ ашигладаг МООД дэлгэрсэн гэлтэй.
"Ард иргэдийхээ дууг сонс тэд чинь өлсөж зовж байна" гээд л орлиод байдаг хүмүүсийг хэдэн $-оор л дуугүй болгоно. Амташсан хэрээ 13 дахина гэдгээр,
"Ард иргэдийхээ дууг сонс тэд чинь өлсөж зовж байна" гээд ахиад нэг Ард түмний төлөөлөл хахуулийхаа мөнгийг нэхээд гараад ирнэ. "Тэмээ хариулсан хүн буурыхаа занг анддаггүй" юм болохоор $ гаргаад таг болгочихно.
Яах аргагүй таны хэлдгээр Энэ Монгол орон, нутаг усныхаа ирээдүйн бөгөөд өнөөгийн эзэд нь бид залуучууд мөн. Мөнгө гол нь биш гэдгийг одоо төрд байгаа хуучжуул амждаггүй юмаа гэхэд, залуус бүхэн нь ухаараасай.